logo-w-text
Эр-Рияд Бүтээгдэхүүний загварын Олон Улсын Гэрээ батлагдав
Арваннэгдүгээр сард Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын (WIPO) гишүүн улс орнууд, засгийн газар хоорондын байгууллагууд болон ажиглагчид Саудын Арабын Эр-Рияд хотноо цуглан, олон улсын хэмжээнд бүтээгдэхүүний загварын эрхийг хамгаалах явцыг хөнгөвчлөхөөр Эр-Рияд Бүтээгдэхүүний Загварын Гэрээ (DLT)-г батлахаар цугласан байна.   2022 онд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын (WIPO)-ын Ерөнхий Ассамблей Бүтээгдэхүүний Загварын Гэрээ (DLT)-ний хэлэлцээрийг эцэслэх дипломат бага хурлыг хуралдуулах шийдвэр гаргасан бөгөөд уг гэрээ нь олон жилийн туршид боловсруулагдаж ирсэн байна. Бүтээгдэхүүний загвар гэж юу вэ? Энэхүү шинээр батлагдах гэрээ бүтээлч хүмүүс, дизайнеруудад ямар ач холбогдолтой байх вэ?

Бүтээгдэхүүний загвар нь тавилга, хувцас загвар, сав баглаа боодлын дизайн, бүтээгдэхүүн, програм хангамж, автомашины дизайн зэрэг олон салбарыг хамардаг. Хамгийн энгийнээр хэлбэл, загвар нь эд зүйлсийн гадаад дүр төрх, мэдрэмжийг тодорхойлдог. Энэ нь бидний өдөр тутмын амьдралд байдаг бөгөөд өмсөж буй хувцас, сууж буй сандал, цаг агаараа шалгахад ашигладаг апп гээд бүх зүйлд оршдог. Мөн загвар нь бүтээгдэхүүний зах зээлд амжилт олоход чухал үүрэг гүйцэтгэдэг – бид зөвхөн хэрэгцээтэй зүйлээ худалдаж аваад зогсохгүй, түүний загварт ихээхэн татагддаг юм.

Энэхүү Гэрээний зорилго нь уран бүтээлч, дизайнеруудад өөрсдийн бүтээлээ олон улсын хэмжээнд хялбархан хамгаалах боломжийг олгож, тогтвортой орлого олоход нь дэмжихэд оршино.

Оюуны өмчийн хамгаалалт

Бизнесүүд загварын судалгаа, хөгжүүлэлтэд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө зарцуулдаг. Учир нь бүтээгдэхүүний загвар нь хэрэглэгчдийн сонголтод нөлөөлж, зах зээлд өрсөлдөөний давуу тал олгодгийг тэд мэддэг. Гэвч загвар оюуны өмчийн эрхээр хамгаалагдаагүй тохиолдолд энэ хөрөнгө оруулалт нь үр ашиггүй болж болзошгүй юм. Хамгаалалтгүй загварыг нэвтрүүлсэн даруйд хуулбарлан ашиглах эрсдэлтэй бөгөөд энэ нь уран бүтээлчийн өрсөлдөх давуу тал болон хэрэглэгчдэд татагдах өвөрмөц байдал алдагддаг байна. Иймд оюуны өмчийн хамгаалалт хийлгэх нь аливаа бүтээлч үйл явцын чухал алхам бөгөөд энэ нь хуулийн дагуу онцгой эрхийг олгож, зөвшөөрөлгүй хуулбарлах, арилжааны зорилгоор ашиглахыг зогсоох хууль эрх зүйн арга хэрэгслийг бүрдүүлдэг байна.   Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын мэдээлэлд үндэслэн гаргасан статистикт 2022 онд олон улсын хэмжээнд 1.1 сая үйлдвэрлэлийн загварын өргөдөл гаргасан нь 2008-2022 оны хооронд тогтвортой өсөлттэй байсныг харуулж байна.

Хамгаалалтын явц: хэр хүндрэлтэй вэ?

Бүтээгдэхүүний загвараа хамгаалах явц заримдаа ээдрээтэй мэт санагдаж хоёр төрлийн саад тулгардаг.

Нэгдүгээрт, бүтээгдэхүүний загварыг хамгаалах арга замууд улс орон бүрт өөр өөр байдаг. Зарим улс оронд загварыг “бүртгэгдсэн загвар” гэж бүртгүүлэх шаардлагатай байдаг. Бүртгэлийн систем нь тухайн улсын Оюуны өмчийн газраас загварын өргөдлийг хянах явцыг багтааж болох бөгөөд энэ нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Зарим газарт загварыг “загварын патент” гэж патентийн хуулийн хүрээнд хамгаалдаг бөгөөд үүнийг олгохын тулд загварын өргөдлийг нарийвчлан шалгадаг байна.

Хоёрдугаарт, хамгаалалтыг бүртгэлээр авах эсвэл загварын патентаар олгосон эсэхээс үл хамааран, уран бүтээлч, дизайнерууд ихэвчлэн хамгаалалтыг хүсч буй тухайн улсын Оюуны өмчийн газрын тогтоосон өргөдөл гаргах журмыг дагаж мөрдөх шаардлагатай болдог. Загварын эрх нь нутаг дэвсгэрийн хувьд хязгаарлагдмал тул хамгаалалт авсан тухайн улс эсвэл бүс нутагт хүчин төгөлдөр үйлчилдэг. Иймд уран бүтээлч, дизайнерууд өөрсдийн загварыг олон улсад хамгаалахын тулд улс бүрт ижил явцыг давтах хэрэгтэй болдог байна.

Энэ бүх зүйл уран бүтээлч, дизайнеруудад олон улсын хэмжээнд загвараа хамгаалах явцыг төвөгтэй, хүндрэлтэй болгодог.

Ийм учраас энэхүү Эр-Рияд Бүтээгдэхүүний загварын Гэрээг бий болгож байгаа байна.

Тус Бүтээгдэхүүний загварын Гэрээ батлагдснаар хамгаалалтын явцыг хялбарчилж, хүнд суртлыг арилгах болно. Энэ нь загварын хамгаалалтын явцын хүрээг илүү урьдчилан таамаглахуйц болгож, процессийг илүү энгийн, хямд өртөгтэй болгоход дэмжигдэнэ. Уран бүтээлч, дизайнерууд хэд хэдэн улс оронд нэгэн зэрэг өргөдөл гаргах нь хялбар болох юм.

 

Тус Гэрээний зорилго

  • Уран бүтээлч, дизайнеруудаас өргөдөлд шаардагдах заалт буюу элементүүдийн жагсаалтыг тогтооно. Элементүүдийн хаалттай жагсаалт тогтоосноор загварын хамгаалалтын явцыг урьдчилан таамаглахуйц хүрээнд оруулахад туслах ба өргөдөл гаргахыг хүссэн уран бүтээлч, дизайнерууд ямар заалт, элемент шаардлагатайг тодорхой мэдэх болно.
  • Өргөдөлд загварыг дүрслэх аргыг (зураг, гэрэл зураг, эсвэл Оюуны өмчийн газар хүлээн зөвшөөрвөл видео) сонгох боломжийг өргөдөл гаргагчдад олгоно.
  • Тодорхой нөхцөлүүдийн дагуу нэг өргөдөлд хэд хэдэн загварыг багтаахыг зөвшөөрнө.
  • Өргөдөл гаргах өдрийг тогтоох шаардлагуудыг тодорхойлно. Загварын өргөдөл гаргах өдрийн шаардлагыг хамгийн бага хэмжээнд байлгах нь маш чухал. Учир нь загварын салбарт өргөдөл гаргах өдрийг хойшлуулах нь эрхээ алдах эрсдэлийг үүсгэдэг.
  • Загварыг анх ил болгосноос хойш зургаан эсвэл арван хоёр сарын хөнгөлөлтийн хугацаа тогтооно. Энэ хугацаанд ил болгосон зүйл нь загварын шинэ чанарт нөлөөлөхгүй.
  • Өргөдөл гаргасан өдрийг баталгаажуулсны дараа дор хаяж зургаан сарын турш загвараа нийтлүүлэхгүй байх боломжийг өргөдөл гаргагчдад олгоно.
  • Эрхээ алдахаас сэргийлэхийн тулд өргөдөл гаргагчдад зарим уян хатан нөхцөл, тусламжийн арга хэмжээг санал болгоно. Ийм арга хэмжээ байхгүй бол хугацаа хожимдсон тохиолдолд эрхээ алдах эрсдэлтэй. Загварын хувьд энэ нь эргэлт буцалтгүй хохирол учруулна.
  • Загварын бүртгэлийг сунгах хүсэлтийг гаргах явцыг хялбарчилна.
Энэхүү бүтээгдэхүүний загварын Гэрээ нь Бүтээгдэхүүний загварын Гаагийн системтэй ямар ялгаатай вэ гэсэн асуудал гарч ирж байна.

Тэгэхлээр, Бүтээгдэхүүний загварын Гаагийн Хэлэлцээр нь

  • Тухайн загвараа нэг өргөдлөөр хэд хэдэн улс оронд нэгэн зэрэг мэдүүлэх боломжтой
  • Олон улсын хэмжээнд бүтээгдэхүүний загварын өргөдлийн процесийн явц нь энгийн, хөнгөвчилсөн систем гэж ойлгож болно, өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч, загвар зохион бүтээгч, уран бүтээлч нарт нэг мэдүүлэг буюу өргөдөл гаргах нь илүү давуу талтай ба дэлхийн 100 дээш орон нэгэн зэрэг эрхийн хамгаалалт хийх боломжтой.
  • Мэдүүлсэн мэдүүлгийн шийдвэрийг нэр заасан улс орон бүрийн тухайн ОӨГазар нь үндэсний хууль журмын дагуу хянаж шийдвэр гаргана.
  Эр-Рияд Бүтээгдэхүүний загварын Гэрээ нь
  • Улс орнуудын загварын хууль эрх зүйг уялдаа холбоотой, оновчтой болгоход чиглэгдсэн.
  • Загварын патент олгохгүй бөгөөд тухайн өргөдлийн форматыг хялбарчлах, мэдүүлгийн шаардлагыг тодорхой болгох, тодорхой хэсэгт уян хатан байдлыг санал болгох (жишээлбэл, хугацаа алдсан тохиолдолд хугацааг сэргээх гм арга хэмжээ авах) зэрэг процесст анхаарсан.
  • Процедурыг стандартчилах замаар өргөдөл гаргагчид болон үндэсний ОӨГазруудад ашиг тусаа өгөх болно.
  Эцэст нь дүгнэж дурьдахад, тус Эр-Рияд Бүтээгдэхүүний Загварын Гэрээ батлагдсан нь олон улсын хэмжээнд өргөдөл хүлээн авах явц, процессийг нэг стандарттай болгох, хамгаалах эрхийг явцыг илүү ойлгомжтой, урьдчилан тамаглахуйц мөн хүртээмжтэй болгох зорилготой юм байна.

ДӨОБ-аас эрхлэн гаргадаг сэтгүүлээс

https://www.wipo.int/wipo_magazine_digital/en/2024/article_0018.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *